Захирлын 2013 оны 10 дугаар сарын
14-ний өдрийн А/48 тоот тушаалын
хавсралт №01
87 ДУГААР СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Сургуулийн сургалт, хичээлээс гадуурх сургалт, ажил үйлчилгээг явуулахад оролцогч нийт багш, ажилтан, суралцагчид, эцэг эх болон байгууллага хүмүүсийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Сургуулийн бүтэц хэв шинжийн агуулга тогтолцоог өнөөгийн шаардлагын дагуу өөрчлөн шинэчлэж боловсронгуй болгох, сургах суралцах үйл ажиллагааг амжилттай явуулахад сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, сахилга дэг журмыг бүхий л шатанд сайжруулахад сургуулийн дотоод журмын агуулга оршино.
3. Сургуулийн дотоод журмыг бүх багш, ажилтан, эцэг эх, сурагчид нэгэн адил дагаж мөрдөнө.
Сургуулийн эрхэм зорилго:
Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд стандартад суурилсан сургалтын нээлттэй хөтөлбөр хэрэгжүүлэх, багш сурагчдын оюуны чадавхи, авъяас чадварыг хөгжүүлэн дээдлэх, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгон амьдрах арга ухаанд сургах, хууль эрх зүйг дээдэлдэг бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээтэй эвсэг хамт олон бүрдүүлэхэд оршино.
ХОЁР. СУРГУУЛИЙН УДИРДЛАГА
1. Сургуулийн үйл ажиллагааг захирал удирдах ба боловсролын тухай багц хууль болон төсвийн тухай хуулинд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлнэ.
2. Сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнд захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, ЗАН-ийн ахлагчид, нягтлан бодогч нар орно.
3. Удирдах бүрэлдэхүүний буюу захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана. Захирлын дэргэдэх зөвлөлд сургуулийн ҮЭХ-ны дарга орно. Үүнд:
· Боловсрол, мэргэжил, ёс суртахуунаар доголдож, сургалтын ажилд тэнцэхгүй байгаа багшийг ажлаас чөлөөлөх
· Боловсролын болон бусад хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох, хүлээлгэх
· Багш, сурагчийг үнэлж, дүгнэх, удирдах дээд байгууллагын шагналд нэр дэвшүүлэх
4. Сургуулийн зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүтэц нь журмаар зохицуулагдана. Сургуулийн зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
· Сургуулийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох
· Сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал өгөх
· Сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх
· Сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургуулийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих
· Захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
· Багш, сурагч, ажилтаны эрх ашгийг хамгаалах
5. Багш нарын зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Үүнд:
· Сургуулийн дүрэм
· Заах аргын нэгдлийн журам
· Эцэг эх болон сурагчдын байгууллагын дүрэм
· Суралцагчийн мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх дотоод журам
· Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр
· Хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, зохион байгуулах хэлбэр
· Багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжлийн зэрэг олгох дотоод журам
· Багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр
ГУРАВ. ӨМЧ, ХӨРӨНГӨ, САНХҮҮ
1. Сургуулийн бүх хөрөнгө нь төрийн өмч байна. Үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгөнд тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна оюуны болон соёлын үнэт зүйл хамаарна.
2. Сургууль нь сургууль хөгжүүлэх сантай байж болно.
3. Сургуулийн төсөв санхүүгийн мэдээлэл нь ил тод байх ба тодорхой хугацаанд шинэчлэгдэж байна.
4. Өмч хөрөнгийн тооллогыг хагас бүтэн жилд хийнэ.
ДӨРӨВ. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1. Сургууль нь бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухааны заах аргын нэгдэл, захиргаа аж ахуй гэсэн бүтэц зохион байгуулалттай байна.
2. Сургууль нь 2 ээлжээр 1-11 ангийн 62 бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулна.
3. Сургалтын үйл ажиллагаа өглөө 8.00-д эхэлж 18.45-д дуусна.
4. Хичээлийн үргэлжлэх хугацаа I-II анги 35 минут, III-IV анги, дунд, ахлах анги 40 минутаар хичээллэж, завсарлагаа 5-10 минут байна.
5. Завсарлагааны дэг журамд багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан хяналт тавихаас гадна жижүүр багш, жижүүр ангийн сурагчдыг удирдлагаар ханган ажиллана.
6. Сургуулийн хэмжээгээр удирдах ажилтан хариуцлагатай жижүүрээр ажиллахаас гадна өглөө, оройн ээлжинд жижүүр багш, жижүүр анги ажиллана. Үүнд:
Долоо хоногийн хариуцлагатай жижүүрээр:
- Даваа гаригт –Сургалтын менежер Д.Болорсайхан
- Мягмар гаригт - Сургалтын менежер Н.Дулмаа
- Лхагва гаригт - Сургалтын менежер Д.Ганчимэг
- Пүрэв гаригт – Нийгмийн ажилтан С.Дүүрэнбаяр
- Баасан гаригт - нийгмийн ажилтан Н.Сонинпил
- 1-р ээлжийн жижүүр багш 7.40 - 13.30 цаг хүртэл
- 2-р ээлжийн жижүүр багш 13.30- 19.45 цаг хүртэл
7. Секц, сонгон, дугуйланг тусгай хуваарийн дагуу хичээллүүлэх ба тухай бүр сургалтын агуулга, хөтөлбөр, ирц, оролцоог нийгмийн ажилтан хянаж үйл ажиллагааг зохион байгуулна.
ТАВ. ХҮН АЖИЛД АВАХ, ЧӨЛӨӨ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
1. Сургуулийн захиргаа сургалтын менежер, нийгмийн ажилтан, багшийг ажилд авахдаа сонгон шалгаруултанд тэнцсэн хүмүүсээс сонгон авахдаа тухайн иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Сургалын менежерийг авахдаа НБГ-тай зөвшинө. Мөн авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүйг хянуулна.
2. Чөлөө олгохдоо хариуцсан ажлынхаа чиглэлээр
Ш Захирал - удирдах ажилтанд
Ш Сургалтын менежер - багш нарт
Ш Нягтлан бодогч - няравт
Ш Нярав – ажилчдад тус тус 1-2 өдрийн чөлөөг олгоно. Түүнээс дээш бол захирал тушаалаар олгоно.
3. Шинээр ажилд орсон багш, ажилчдад хариуцсан удирдах ажилтан нь сургуулийн дотоод журам, хамтын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгааллын дүрэм, шагнал урамшлын болзол, ажилтны эрх үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, ажлын үндсэн цалин, нэмэгдэл хөлсний талаар тус тус мэдээлэл зааварчилгаа өгнө.
4. Ажилд авсан хүний тушаалыг өдөрт нь ажил хариуцсан хүмүүс гаргуулж албан ёсны болгоод тухайн хүнд танилцуулна.
5. Онцгойлон үзэх шалтгаантай /тухайлбал багш өөрөө өвдөх, аав ээж төрсөн ах дүү ойр дотны хүн нас барах өвдөх зэрэг/ багшид хариуцсан сургалтын менежер хичээл хүмүүжлийн ажлыг зохицуулсны үндсэн дээр 1-2 өдрийн, захирал түүнээс дээш өдөрт тус тус чөлөө олгоно.
6. Чөлөө авах багш хичээл эхлэхээс 30 минутаас доошгүй хугацаанд хариуцсан сургалтын менежерт заавал мэдэгдсэн байна.
7. Тухайн ажилтаны төрсөн аав, ээж, үр хүүхэд, ах дүү хүндээр өвчлөх буюу нас барсан тохиолдолд цалинтай чөлөө бусад бүх тохиолдолд цалингүй чөлөө олгоно.
8. Амаржсан багш ажилтан хүүхдээ 1нас хүртэл хүүхэд асрах чөлөөг эдэлнэ.
9. Суралцагчдад цагийн чөлөөг хичээл заагч багш, 3 хүртлэх өдрийн чөлөөг эцэг эхийн өргөдөл хүсэлтийг харгалзан анги удирдсан багш, 3-с дээш өдрийн чөлөөг хариуцсан сургалтын менежер, 1 сараас дээш хугацааны чөлөөг захирал тус тус шийдвэрлэж олгоно.
ЗУРГАА. МӨРДӨХ ДЭГ ЖУРАМ
НЭГ. БАГШ АЖИЛЧДАД
1. Жижүүр нь гадны хүмүүсийн биеийн байцаалт, үнэмлэхийг үзэж, зорилгыг нь тодруулсаны дараа сургууль руу оруулдаг байна. Багш хичээлтэй бол завсарлагааг хүлээнэ.
2. Манаач, жижүүр, жижүүр багш нар бүх анги танхим өрөө тасалгаа, заал, складын лац ломбыг нүдээр үзэж түлхүүрийг бүртгэлээр тэмдэглэл хөтлөн хүлээн авч осол эндэгдэл, галын болон хулгайн аюулаас хамгаалах ба түлхүүр тавиагүйгээс болж хичээл тасрах, эд зүйлс хулгайд алдагдвал хэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулна.
3. Анги танхимыг хичээл дууссаны дараа цэвэрлэж агааржуулах ажлыг тухайн анги удирдсан багш зохион байгуулна.
4. Багш бүр ээлжит хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж суралцагчдад сурах сэдэл төрүүлэхүйцээр сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулж хэвшинэ.
5. Багш нь даасан ангийнхаа сурагчдыг сургууль завсардуулахгүй, гэмт хэрэг хэв журмын зөрчил гаргуулахгүйгээр төлөвшүүлнэ.
6. Хичээлээс гадуур зохиогдох ажилд анги удирдсан багш заавал байх ба тухайн үйл ажиллагааг чанартай зохион байгуулна.
7. Багш ажилчдын дунд зохиогдож буй бүх төрлийн ажилд хүн бүр биечлэн оролцоно.
8. Анги даасан багш нар сурагчдаа хүлээн авдаг, хичээл тарахад үдэж өгдөг байна.
9. Бүх багш, ажилчид хариуцсан анги, танхим, ажлын байрныхаа урсгал засварыг хариуцана.
10. Жижүүр багш батлагдсан үүргийнхээ дагуу ажлаа бүрэн сайн гүйцэтгэж ажлаа тухайн өдрийн хариуцлагатай жижүүрт үнэлж дүгнүүлж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгнө.
11. Багш ажилчид нь өөр хоорондоо мэндэлж ардын зан заншил, уламжлалыг эрхэмлэж амьдрал үйл ажиллагаандаа хэвшүүлж, сурагчдад үлгэр дууриал үзүүлнэ.
12. Аливаа ажилд гарч буй доголдол дутагдлыг засах талаар шүүмжлэлийг ил тод өрнүүлэн ажиллана.
13. Хичээлийн завсарлагаанаар хичээл заасан багш тухайн анги танхимыг агааржуулах ба завсарлагааны дэг журмыг бүрэн хариуцна.
14. Багш “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг чанд сахиж, хэвшинэ.
15. Бага ангийн багш нь сурагчдыг хичээл тарах үед эцэг эх, асран хамгаалагчид гараас гарт хүлээлгэн өгнө. Эцэг, эх, асран хамгаалагчид хүргэж ирнэ.
ХОЁР. СУРАГЧДАД
1. Анги танхимыг хичээл дууссаны дараа цэвэрлэж агааржуулан дараагийн ээлжинд хүлээлгэн өгнө.
2. Анги бүр бүрэн ирцтэй хичээлллэнэ. /Шалтгаантай сурагч хамаарахгүй/
3. Анги танхим, заал, өрөө тасалгаа, коридорыг эрүүл ахуйн шаардлага хангах цэвэр, хоггүй, цаасгүй, хар зураасгүй, эд аж ахуйн эвдрэлгүй байлгана.
4. Сурагчдын дунд хичээлээс гадуурх зохиогдох соёл, олон нийтийн ажилд сурагчид бүрэн оролцоно.
5. Сурагч бүр зөвшөөрөгдсөн загвар хийцийн формтой байх ба хичээлдээ цэвэр үзэмжтэй хувцаслан ирж хэвшинэ.
6. Хичээлийн хэрэглэл, сурах бичгээ бүрэн хангаж сурагчийн цүнх хэрэглэж хэвшинэ.
7. 14 хоногт сургуулийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу чанартай хийнэ. Сар бүр 1, 3 дахь 7 хоногийн Баасан гаригт 1-р ээлж, 2, 4 дэх 7 хоногийн Баасан гаригт 2-р ээлжийн ангиуд бүх ажилтан ажилчид хариуцсан өрөө тасалгаандаа иж бүрэн их цэвэрлэгээ хийж хэвшинэ.
ДОЛОО. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
НЭГ. БАГШ АЖИЛЧДАД
1. Сургуулийн удирлага, багш ажилчид сургууль, ажлын байранд архи үнэртүүлсэн байх буюу уухыг хориглоно.
2. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил, хичээл, сургалт хүмүүжлийн ажил, арга хэмжээг таслахыг хориглоно.
3. Хичээлийн үед, ажлын цагаар бусадтай уулзах, бусдыг дуудах, утсаар ярих явдлыг бүрэн хориглоно.
4. Эцэг эхийн санал санаачилга нэрийн дор сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр эцэг эх, сурагчдаас мөнгө татахыг хориглоно.
5. Багш сурагчид, эцэг эх, асран хамгаалагч, бусад хүмүүстэй зүй бусаар харьцах, хэл амаар доромжлох, сул дүнгээр залхаахыг хориглоно.
6. Байгууллага болон хамт олон, удирдах хүмүүсийн хийж гүйцэтгэж байгаа дотоод ажилд хөндлөнгөөс оролцон мушгин гуйвуулах, зохион байгуулалтыг эвдэх, тэдний эрх ашиг нэр төрийг үл хүндэтгэх, хов жив хөөцөлдөх, сургууль хамт олны нэр хүндэд харшлах үг ярианы үйлдэл гаргах, зан чанар, ёс суртахууны хувьд зөрчил гаргах, сурган хүмүүжүүлэгчдийнхээ нэр төрийг үл хүндэтгэхийг хатуу хориглоно.
7. Сургууль дотор гадуур хувцастай, малгайтай явахыг хориглоно.
8. Сургуулийн эд хогшил, сургалтын техник хэрэгслийг зөвшөөрөлгүй эзэмших, анги танхимын түлхүүрийг гэртээ авч явахыг хориглоно.
9. Сурагчдыг хичээлээс хөөж гаргах, үл ялих шалтгаанаар хичээлийн цагаар чөлөө олгохыг хориглоно.
10. Сурагчдад хичээлд зайлшгүй хэрэгтэй нэрийн дор канондсан материал, ном товхимол, бусад зүйлийг шахах, зарж борлуулахыг хориглоно.
11. Хичээлийн агуулгын хөтөлбөрийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн өөрчлөхийг хориглоно.
12. Хичээлийн бус цагаар багшийн удирдлагагүйгээр сургууль дээр хүүхэд байлгахыг хориглоно.
13. Сургуулийн эд хогшил /ширээ сандал, хөгжим бусад зүйлс/-ыг захирлын зөвшөөрөлгүй сургуулиас гадагш гаргахыг хориглоно.
14. Багш ажилчид хэн боловч их бага ямар нэгэн дутагдал гаргаж буй хүүхдүүдийн хажуугаар дуугүй өнгөрдөг байдлыг хориглоно.
15. Сургуулийн орчинд тамхи татахыг хориглоно.
ХОЁР. СУРАГЧДАД
1. Сурагч согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, зодоон хийх, сургуулийн ойр орчинд бие засахыг хориглоно.
2. Сурагчид коридор, ангид гүйх, орилж хашгирах, ноцолдохыг хориглоно.
3. Шалтгаангүйгээр хичээл болон зохион байгуулалттай арга хэмжээг таслахыг хориглоно.
4. Багш, ахмад хүмүүстэй зүй бусаар харьцах, хэл амаар доромжлохыг хориглоно.
5. Сурагчид хичээл дууссаны дараа ямарч зорилгогүй сургуулиар сэлгүүцэж, сургууль дотор гадуур хувцас малгайтай явахыг хориглоно.
6. Сургуулийн эд хогшил, сургалтын техник хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглах, анги танхимын түлхүүрийг гэртээ авч явахыг хориглоно.
7. Хичээлийн явцад үл ялих онцлох шалтгаангүйгээр чөлөө авахыг хориглоно.
8. Сургууль анги танхимд хичээл сургалтанд шаардлагагүй зүйл авчрах, хэт гажуу хувцаслах, этгээд маягаар үсээ засуулах, элдэв хараалын буруу үг яриа хэрэглэхийг хориглоно.
9. Сургууль хамт олны нэр хүндэд харш үйлдэл, үг яриа гаргах, ёс суртахууны болон эрх зүйн зөрчил гаргахыг хориглоно.
10. 19 цагаас хойш зөвшөөрөгдсөн болон төлөвлөгдсөн соёл, олон нийтийн ажилгүй тохиолдолд сургууль руу орохыг хориглоно.
11. Сургуулийн байр, хичээлийн танхим, ширээн дээр элдэв зүйл эрээчих, тамхи, шүдэнз, элдэв тэсрэх бодис, хутга мэс гэх мэтийн зүйлсийг биедээ авч явахыг хориглоно.
12. Цээртэй үг хэлэх, хог цаас хаяхыг хориглоно.
13. Хичээл дээр гар утас хэрэглэх, оролдохыг хориглоно. Завсарлагааны хугацаанд ярьж болно.
НАЙМ. ДОТООД ЖУРАМ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
НЭГ. БАГШ АЖИЛЧДАД
1. Сургуулийн дотоод журмыг зөрчсөн багш, ажилчдад зөрчлийн хэм хэмжээнээс хамаарч хариуцлага тооцох ба хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
ХОЁР. СУРАГЧДАД
1. Сургуулийн дотоод журам зөрчсөн сурагчдад захирлын тушаалаар арга хэмжээ авна.
2. Хариуцсан анги танхим өрөө тасалгаа коридорт /эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан/ зөрчил дутагдал гаргавал хохиролгүй болгох үүргийг хүлээнэ.
3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сурагчдыг сургуулиас чөлөөлнө.
4. Сургуулийн дотоод журам, суралцагчийн дүрэм зөрчсөн сурагчийн зөрчил дутагдал, доголдлын хэм хэмжээг харгалзан:
a) Сануулах
b) Ангийн хурлаар хэлэлцэж хувийн хэрэгт нь тэмдэглэх
c) Багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хамт олны дунд сургах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
ЕС. ШАГНАЛ УРАМШИЛ, ТЭТГЭМЖ, ЦАЛИН ХӨЛС
1. Багш ажилчдын ажлыг улирал бүр дүгнэж Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолын мөнгөн урамшуулал олгоно.
2. Хичээлийн жилд дараах болзлуудыг гаргаж тэргүүний хүмүүсийг болзлын дагуу урамшуулна.
1. Сургуулийн хөдөлмөрийн аварга /а. Багш, б. Ажилтан в. Ажилчин/
2. Мэргэжлийн ур чадварын уралдааны аварга багш – 2 /1-5 жил, 5-с дээш жил/
3. Судлаач багш
4. Хөгжсөн багш
5. Тэргүүний сурагч өргөмжлөл
· Сурлага
· Урлаг
· Спортын гэж 3 сурагч
6. Бүтээлч ЗАС өргөмжлөл
7. Тэргүүний анги хамт олон
8. Шилдэг кабинет
3. Дээрх номинацаар ажлын үр дүнг харгалзан жилд 2 хувааж шагнаж урамшуулна.
а/ Багш нарын баяраар буюу хагас жилээр
б/ Хичээлийн жилийн эцсээр буюу эрдмийн баяраар
4. Хичээлийн олимипад, урлаг спортын уралдаан тэмцээнд өөрөө болон шавь нар нь улс, хот, дүүрэгт амжилт гаргасан тохиолдолд:
Байр | I | II | III | Тайлбар |
Улс | 1 сарын цалин | Цалингийн 90% | Цалингийн 80% | III байрт дараагийн шатны уралдаан, олимпиадад оролцох сурагчид багтана |
Хот | 3 сар 20% | 3 сар 15% | 3 сар 10% | |
Дүүрэг | 3 сар 10% | 2 сар 10 % | 1 сар 10% |
5. Багш ажилчдад гачигдал, зовлон тохиолдсон нөхцөлд дундын сангийн журмаар зохицуулна.
6. Өрх толгойлон амьдарч байгаа эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст сургуулийн захиргаа ҮЭХ-той хамтран жилд 2 удаа эд материалын болон мөнгөн тусламж олгоно.
7. Тухайн багш ажилтан, ажилчинд хөдөлмөрийн болон ахуй амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлийн үед үзүүлэх тусламжийг журмын дагуу тухайн үед нь шийдвэрлэнэ.
АРАВ. ЭЦЭГ, ЭХ, СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ
1. Нээлттэй сургууль аяныг тогтмол зохион байгуулж, эцэг эх асран хамгаалагчдын дунд сургалт, спортын арга хэмжээг графикийн дагуу хийж тэдний хандлагыг өөрчлөн, хамтран ажиллана.
2. Эцэг эхийн өдөрлөгийг улиралд нэг удаа зохион байгуулна.
3. Сургуулийн захиргаанаас эцэг эхийн дунд зохиосон ажилд эцэг эхчүүд биечлэн оролцоно.
4. Анги удирдсан багш нар сурагчдынхаа эцэг эхэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгч ажиллана.
5. Ангийн эцэг эхийн хурал цуглааныг 66%-иас дээш ирцтэй тохиолдолд асуудлыг шийдвэрлэж байх
6. Хичээлийн бус цагаар сурагч гэмт хэрэг зөрчилд орвол хариуцлагыг эцэг эх хүлээнэ.
Сургуулийн захиргаа